Хүүхэд анх цэцэрлэгт ороход юуг мэдсэн байх хэрэгтэй вэ?

1

Юуны түрүүнд та өөрөө хүүхдээ цэцэрлэгт зайлшгүй өгөх шаардлагатай эсэхдээ итгэлтэй байх хэрэгтэй. Хүүхэд та нарын цэцэрлэгийн талаарх таагүй хандлагыг гадарлах л юм бол үүнийг ашиглан ээж, ааваасаа салахгүйг хичээнэ. Харин эцэг эхийн цэцэрлэгт хандах хандлага эерэг байгааг ойлгосон хүүхэд төдийчинээ л цэцэрлэгт хурдан дасдаг.

Хүүхдэдээ цэцэрлэг гэж юу болох, яагаад цэцэрлэгт явах хэрэгтэй, та нар яагаад хүүхдээ цэцэрлэгт өгөхөөр болсноо хэлж ярилцах хэрэгтэй. жишээ нь: “ энэ цэцэрлэг ийм гоё байшинтай, ээж, аавууд хүүхдээ энд авчирдаг. Энд ороод олон сайхан найзуудтай болж бас том хүмүүстэй танилцаасай гэж хүсч байна. Цэцэрлэгт бүх зүйл жаахан хүүхдүүдэд зориулагдсан байдаг. Жижиг сандал, ширээнүүд, жижиг угаалтуур, жижиг суултуур, жижиг шкаф, сонирхолтой тоглоомууд гээд бүгд хүүхдэд зориулагдсан. Чи тэнд бүх зүйлтэй танилцаж оролдож тоглож болно. Цэцэрлэгт хүүхдүүд хоол иддэг, гадаа зугаалдаг, хүүхдүүдтэй тоглодог. Би одоо ажлаа хийхийг хүсч байна. Миний ажил надад сайхан санагддаг. Чамайг ч бас цэцэрлэгт яваасай гэж бодож байна. Тэнд чамд ч бас сайхан байж, чамайг зугаатай байгаасай гэж бодож байна. Өглөө би чамайг хүргэж өгөөд орой авна. Тэгээд чи надад цэцэрлэгтээ хэнтэй яаж тоглосон талаараа ярьж өгөөд би ч бас чамд ажил дээрээ юу хийсэн талаараа ярьж өгч байна. Цэцэрлэгт бүх хүүхэд орж чаддаггүй. Харин чамайг оруулах болсондоо их баяртай байна. Хоёулаа цэцэрлэгтээ орох бэлтгэлээ хийх хэрэгтэй. зарим нэг зүйлийг худалдаж авна, бас багшийнхаа нэрийг цээжилнэ, цэцэрлэгийнхээ дүрэмтэй танилцана” гэх зэргээр яриа өрнүүлээрэй.

2

3

Цэцэрлэгийн хажуугаар өнгөрөх үедээ энэ цэцэрлэгт орох болсон нь ямар азтай хэрэг вэ гэдэг талаас нь ярилцаарай. Хүүхдийнхээ дэргэд бусад найз нөхөд, ах дүүтэйгээ ярихдаа хүүхдээ цэцэрлэгт орох болсонд нь бахархаж байгаа талаар ярьж байгаарай.

Хүүхдэдээ цэцэрлэгийн өдрийн дэглэмийн талаар ярилцаж ойлгуулаарай. Өглөө очоод юуг ямар дэс дараалалтай хийхийг тодорхой, дэлгэрэнгүй ярьж байх нь танай хүүхдийн цэцэрлэгт тайван, өөртөө итгэлтэйгээр  цэцэрлэгтээ хурдан дасахад нь нэмэр болно. Хүүхдээсээ өглөөний цайны дараа юу хийх, хувцсаа хаана тайлах, зугаалгаар хэнтэй гардаг, хувцсаа өмсөх тайлах үед тусламж хэрэгтэй болоход хэнд хандах, өдрийн хоолны дараа унтах хэрэгтэй талаар  тайван ярилцаж давтан хэлж өгч байгаарай. Иймэрхүү байдлаар ярилцах үед хүүхдийнхээ цэцэрлэгийн өдрийн дэглэмийг хэрхэн ойлгосныг мэдэх болно. Хүүхдэд юу ч ойлгомжгүй, мэдээлэл дутуу байх нь л айдас төрүүлдэг. Хүүхдийн олж авсан төсөөлөл нь биелэлээ олж байгааг харах үед хүүхэд  өөртөө бүр л итгэлтэй болно.

4

5

Хүүхдэдээ жаахан тусламж хэрэг болох үед яаж хэлэхийг зааж өгөөрэй. Жишээлбэл: “ам нь цангавал “Одоноо багшаа, би юм уумаар байна” гэхэд багш нь ус хийгээд л өгнө. Бас ариун цэврийн өрөө ормоор санагдвал багшдаа хэлээрэй” гэх мэтээр сануулаарай. Гэхдээ багш нь ганцаараа олон хүүхдэд зэрэг тусалж чадахгүй учраас заримдаа ээлж дараалалаа хүлээх хэрэг гарна гэдгийг ойлгуулаарай.

Хүүхдээ бусад хүүхдүүдтэй хэрхэн танилцах аргыг зааж өгөөрэй. Хүүхдийг нэрээр нь дуудаж, тоглоомыг нь булаахгүй, бусадтай тоглоомоо хувааж тоглох, бусад хүүхдэд бас тусалж болохыг хэлж өгөөрэй.

6

7

Хүүхэд хэдийчинээ олон хүүхдүүд, томчуудтай танилцана төдийчинээ л цэцэрлэгтээ хурдан дасна. Та хүүхдийнхээ дэргэд бусад эцэг эх болон хүүхдүүдтэй танилцаж нэрээр нь дуудаарай. Гэртээ ангийнх нь хүүхдүүдийн талаар эерэг байдлаар ярилцаж болно. Хүүхдээ бусадтай харилцахыг дэмжиж урамшуулаарай.

Та багш, бусад эцэг эх, хүүхдүүдтэй сайхан харилцаатай байх тусам хүүхэд тань цэцэрлэгтээ амархан дасах болно.

8

9

Бусадтай харилцахдаа тэвчээртэй, хүлээцтэй байгаарай. Төгс хүн гэж байхгүй шүү дээ. Мэдээж таныг түгшээж байгаа асуудлыг тодруулах нь зөв. Үүнийг цэцэрлэгийн захиргаа, багш нарт хандаж аядууханаар илэрхийлээрэй. Хүүхдийн дэргэд цэцэрлэг болон багш, ажилтаны талаар шүүмжилж сөргөлдөхөөс зайлсхийгээрэй. Хүүхдийг хэзээ ч битгий “цэцэрлэгээр” айлгаарай.

Цэцэрлэгт хүргэж өгөөд түр салах энгийн, аятайхан хэлбэрийг хүүхэдтэйгээ тохиролцон хийж болно. Жишээ нь: тэврэх, гараараа цохих, гараараа даллах гэх зэрэг.

10

11

Хүүхэд цэцэрлэгт дасах хугацаа хагас жил ч үргэлжилж магадгүй. Хэрвээ хүүхэд нэг сарын хугацаанд дасахгүй байгаа нь ажиглагдвал та дээрх зөвлөгөөний дагуу дахин ажиллаарай. Цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, багш нар, эмч танай хүүхдэд хэзээд туслахад бэлэн байх болно.